Танилцуулга
хүрэн азрага
Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын сөөнөн Гомбын унаган адуу. 1959 онд Хэнтийн Жаргалтхааны Манал уяж улсын наадамд аман хүзүүдүүлсэн бөгөөд наадмын өмнөх их сунгаан дээрээс Баянбараатын улаан малгайт Лувсандорж худалдан авсан байдаг. Түүнээс найман настай азарга 1962 онд Л.Дамдин гуай 1500-гаар худалдан авч, улсын наадамд хоёр түрүүлгэж, тав айрагдуулсан. 1963 онд айрагдуулж, Төв аймгийн 40 жилийн ойгоор гуравт, 1965 онд түрүүлгэж, 1966 онд гуравт, 1967 онд түрүүлгэж, 68-70 онд завсаргүй айрагдуулсан байдаг. Хүрэн азарганы толгой дээшээ цогногор, гэдгэр маягтай, цээж өргөн, булчин сайтай, бэлхүүсээрээ өргөн тэг дөрвөлжйн адуу байв. Уяа ороод ирэхээрээ турсан оонорхуу харагддаг. Их турж байж давхидаг, номхон дөлгөөн зантай, зоригтой, уяаны илүү дутуу алдааг тоодоггүй гүжирмэг хүлэг байж. Харамсалтай нь 1970 онд буюу 13 настай улсад айрагдаад намар нь будаа идээд үхчихсэн гэдэг.
1970 оны нохой жил, Ардын хувьсгалын 49 жилийн ойн баяр наадам. Дундговиос уяачид ирэхээ байгаад удсан хойно О.Шаравжамц гуай энэ жил зориуд ирж Хүрэн азрагаа түрүүлгэсэн, Падын Дашням гуай 70 гарсан насандаа Галшарын Насан-Очир гуайгаас энэ Хээр азрагыг авч өөрөө морьтой хөтөлж ирээд аман хүзүүдүүлсэн. Энэ бол Дашнямын Өлгөр хээр азарга. Шүдлэндээ сумандаа хол түрүүлсэн гэдэг. Буянт-Ухаад түрүүлж чадаагүй боловч 2 аман хүзүүлж, 1 айрагдсан. Мөн манлай уяач Л.Дамдингийн алдарт Хүрэн азрага 16 насандаа сүүлчийн удаа айрагдаж, төрийн наадмын наймдахь медалиа зүүсэн юм. Өмнө жил нь буюу 1969 онд түрүүлээд байсан Г.Сундуйн шарга морь энэ жил дахиад түрүүлсэн, мөн 69 онд гуравт давхисан Сияннямбуугийн хонгор зээрд дахиад гурвалсан, 69 онд шүдлэн түрүүлээд байсан Чойжамцын хээр энэ жил дахиад түрүүлсэн бол хойтон жил мөн түрүүлж, Монгол наадмын нэгэн шинэ түүхийг бичсэн юм. 1970 оны энэ наадмаар Чойжамц уяач ах дүү гурван хээр адуу багтаасны хязаалан, даага хоёр нь түрүүлж, шүдлэн нь гурвалсан зэрэг содон сониноор дүүрэн наадам болсон юм.
- Эрдэнийн олон хүрэн азраганы хоёр нь энэ жил айрагдав. - Хэнтий аймгийн Дархан сумын Лувсандугарын унаган морь. Г.Сундуй гуай 1968 оны намар нүдэн Сэрээтэр гуайтай цуг явж үзэж, таньж авсан. Хойтон хавар нь очиж авчираад зун нь түрүүлэв. Шарга морь улсын наадамд 2 түрүүлж, 2 айрагдсан. Аягач гэлэн хэмээх Гомбосүрэн, түүний хүргэн Дэлгэрийн Ганжуур, түүний хүү Монгол улсын анхны 11 Манлай уяачын нэгээр тодорсон Сундуй гуай бол 3 үеийн их уяач. - Салхин зээрд Шарга морины буруу талд ирсэн юм. Хошуу өлгөсөн гэж үзээд Гэндэн гуай эхлээд түрүү морины пайзыг түүнд өгчихсөн ч явдал бий. - Ишийн Бор гэдэг морь улсын наадамд бага болон их насандаа 4 айрагдав. - Жамцын алаг, Пүрэвжавын Саарал хоёрыг ингэж давхардуулж бичихээс өөр аргагүй болсон юм аа.
- Эрдэнэ сумын олон хүрэн азраганы нэг нь энэ жил түрүүлэв. Энэ бол Багаагийн Хүрэн. - Даваанэрэнгийн Хүрэн халзангийн төл баруун хойшоо гарсан нь энэ. Бух Санжаа гуай зарсан. Энэ Хүрэн азрага цаашдаа их ч хурдалсан, олон ч хурдан төл өгсөн. - Рэнцэндорж гуайн Цагаан азрага бариан дээр Сааргай Банзрагч гуайн хүрнийг дайраад тавалсан. Ингэснээр Банзрагч гуайн Хүрэн азрага гурав дахиа зургаалсан. Хавирга Насанбат гуайн багадаа нэг айрагдсан Хүрэн азраганы төл, тэр нь өөрөө Шийтэрийн Зээрдийн үр. Зууны Манлай азраганы үрийн үр Банзрагч гуайн хүрэн азрага яах аргагүй хурдан буян мөртлөө айрагдаж чадаагүй л өнгөрсөн юм. Энэ жил гарцаагүй айрагдлаа гэтэл ийм юм болчихсон юм. - Ноднин түрүүлсэн азрага, морь хоёр энэ жил хоёулаа аман хүзүүллээ. Үнэндээ бол бараг л хоёулаа түрүүлсэн юм. Хүрэн азрага нь Александрийн Хүрний зөв талаар дайраад орж ирснээ бариач залуугийн өмссөн борооны хальсан цувнаас үргээд зогтусчихсан юм. Буурал морь бол бүр гарцаагүй түрүүлсэн. Пүрэвжавын Хүрэн морь хүүхэдгүй давхисаар яах аргагүй аман хүзүүдсэн. Энэ нь баримтат кинонд яг буусан бий. Гэвч Морины комиссын шийдвэрээр Хүрэн морийг түрүүлсэнд тооцсон билээ. - Их уяач Пад агсаны хүү Цэдэв гуай Боржигины их уяач Донойдоогийн Гал гуайгаас Толгой бор гэдэг морийг нь худалдаж авч уяад айрагдуулж 22 жил өнжсөн наадмынхаа өмийг нээв. - Жаргалант удмын үрээнүүд хурдлаад эхлэхийг хамгийн түрүүнд мэдсэн дээрх Цэдэв гуай, мөн Даш гуай хоёр баруун хойноос нэг нэг үрээ авч уяад энд түрүү, аман хүзүүнд давхиулав. Борнуур, Жаргалантаас хурдан морь хөтлөн зөөх их аян ийнхүү эхэлжээ. - Түрүү аман хүзүүний даага нэг айлын унага. Нацаг нь Жамбал гуайн дүү. Эднийхний яваачин залуучууд энэ наадмын түрүү, айргийг тооцож үзээд Борнуурын хурд Баянцагаан, Сэргэлэнг яллаа гэцгээж байж билээ. Үнэхээр тэдний сум энэ жил 3 түрүү, 4 айраг авсан бөгөөд дээр нь соёолонгийн түрүү, аман хүзүү хоёр нь мөн Борнуурын унага байсан.
-Энэ жил Дамдин гуай Баян сумын наадмд явах гэж байснаа 9-ний өдөр Радиогийн сурвалжлагч Молом гуай бидний ятгалгаар гэнэт шийдээд улсын наадамд ирж дээд 2 насны түрүүг авч ойрын онд үзэгдээгүй сонин юм болж байлаа. -Эрдэнэ сумын хүрэн азрагануудаас энэ жил 2 нь айрагдав. -Гал гуайн энэ Саарал азрага тэдний том хүү Баттөмөрийн нэрний адуу байсан. Баттөмөр энэ жил ЭЗДС төгсөөд энэ азрагаа уяж айрагдуулж байв. -Жаргалант удмын эрлийз хурдан үрээнүүд түрэн гарч ирсэний түрүүч нь энэ жил лавтай мэдрэгдэж Вандан-Иш гуайн Хээр түрүүлж, дээр нь бас арваад үрээ айрагдсан юм. -Энэ жилдээ, эрлийз үрээнүүдийг монгол үрээнүүд үзүүр дээрээ ирээд дийлж байв. Санхүү Дэмбэрэл гуайн Зээрд халзан энэ түрүүлсэн. -Төгс-Очир гуайн Бор үрээ мөн энэ жил эрлийзүүдийг дийлж түрүүлээд, хойтон жил нь Баянцогтын том хүрэн үрээг арай л бараагүй.
1963 оны Туулай жил. Ардын хувьсгалын 42 жилийн ой. Энэ жил Төв аймгийн 40 жилийн ой тохиож улсын наадамтай хамт хийсэн ба их насны морь 1154 мордсон. Үүнээс хойш 1999 онд Ламын гэгээний 360 жилийн ойн бүсийн уралдаанд Баянхонгор аймагт 1003 морь уралдсан. XX зуунд 1000 гаруй морь уралдсан хоёрхон тохиолдол нь энэ юм.