• 1987 он АХ-ын 66 жилийн ой

    Зохиогдсон газар: Улаанбаатар хот
    Зохиогдсон огноо: 1987-07-11
    Уралдсан морьдын тоо: 1700

    - Нямжавын Хул азраганы үр төлөөс Хэнтийн Галшар руу гарсан. Энэ бол тэндхийхэн баруун зүгээс адуу аваачсан бараг анхны тохиолдол болов уу. - Данзанням гуайн Бага хээр морь нь энэ.- Төмөр замын Түвдэнгийн Хилэн хар ийнхүү бага дөрвөн насандаа айраг алгасалгүй хурдаллаа. Аман хүзүүдсэн Зээрд морь, энэ Хонгор халзан хоёр хоёул Манлай уяач Ганжуурын Сундуй гуайн унаган морьд. - Морин тойруулгын Хилэн хар ийнхүү бага гурван насандаа айрагдсан. - Сэлэнгэ Баруунхараагийн уяач Орос хэмээх Дамбын Болд бол Монгол Улсын Алдарт уяач, аймгийн арслан цолтой бөх хүн. Энэ жил улсын наадамд өөрөө 4 давсан. Ер нь гурван удаа 4 давсан юм гэдэг. Улсын Алдарт уяач Өлзийжаргал тэд энэ жил хамт морь уяж ирсэн билээ. - Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, Монголын радиогийн сэтгүүлч Дашболхойн Дамбадаржаа бол яах аргагүй уяач хүн.

    1986 он АХ-ын 65 жилийн ой

    Зохиогдсон газар: Улаанбаатар хот
    Зохиогдсон огноо: 1986-07-11
    Уралдсан морьдын тоо: 1617

    - Ж.Мөнхбат аврагаас М.Данзанням гуай Хүрэн азрага аваад анх түрүүлгэв. Ер нь нийт 4 түрүүлж, нэг айрагдаж, 1 зургаалсан юм. Өнгөрсөн зууны тэргүүн хурднуудын нэг яах аргагүй мөн дөг. - Алдарт их Маарын Хээр. Улс болоод улсын чанартай наадамд 2 түрүүлж, 6 айрагдсан. Даваанэрэнгийн Хүрэн халзан азраганы үрийн үр. - Галшарын Балдайн Санжаа гуайн унаган энэ Хонгор азрага шүдлэнгээсээ эхлэн улсын наадамд 6 уралдахдаа 5 айрагдсан. Ганц соёолондоо 10-т давхисан. 9-тэйдээ азрагатай ноцолдоод хөлгүй болсон. Долоон настайдаа буюу энэ жил бараг л түрүүлсэн юм шүү. - Дорнойн Сундуй гуайн Бага цоохор. Энэ үед Сэргэлэн сум ийм идэрхэн гурван хурдан азрагатай гайхуулж байлаа. - Өнжүүлийн уугуул Өвгөнхүү уяач энэ үед ийнхүү цоорч байлаа. - Морин тойруулгын Харцага бор ийнхүү бага гурван насандаа айрагдав.


    1985 он АХ-ын 64 жилийн ой

    Зохиогдсон газар: Улаанбаатар хот
    Зохиогдсон огноо: 1985-07-11
    Уралдсан морьдын тоо: тодорхойгүй

    - Монгол Улсын гавъяат, уяач Д.Даваахүүгийн оргил амжилтын жил. Улсын наадмаас энэ жил 2 түрүү, 8 айрагавсан байна. - Жанчивын Хул ийнхүү улсын наадамд 7 уралдаж 6 айрагдсан, түүний 4-т нь аман хүзүүдсэн. Түрүүлж чадаагүйн шалтгаан уяандаа л байсан болов уу. Дөнгөж 10 хүрээд уралдахаа больсон. - Алтангадас бол Тогоруу-тай нэгэн үед уралдаж байсан нэрт хурдан азрага. 1 түрүүлж, 2 айрагдсан. Монгол талаа дуурайсан эрлийз, жижиг биетэй, дор толгойтой адуу байсан. - Тойруулгын Харцага бор, Хилэн хар, Түвдэнгийн Хилэн хар зэрэг онц хурдан үрээнүүд энэ үед гялалзан хурдлаж байсан даа.


    1983 он АХ-ын 62 жилийн ой

    Зохиогдсон газар: Улаанбаатар хот
    Зохиогдсон огноо: 1983-07-11
    Уралдсан морьдын тоо: тодорхойгүй

    - Төв аймгийн 60 жилийн ой болж Улсын наадмын морь Зуунмодод уралдпсан. - Тогоруу халтар бол өнгөрсөн зуунуудын тэргүүн хурднуудын нэгэн аргагүй мөн. Улсын наадамд 3 түрүүлж, 1 айрагдсан. Үр төл нь их хурдан учир цаашдаа Тогоруу угшиль бий болсон. Энэ угшлийг үүсгэсэн гол төлөөлөгч нь Монгол Улсын анхны 11 Манлай уяачийн нэг, Сүхбаатарын одонт Дамдинсүрэнгийн Гарамжав билээ. - 1930-аад оны үеийн сайн уяач Шагдар болон түүний хүү Балбар, түүний хүү Сандагдорж нар 3 үеийн уяач нар. - Гачуурт, Хонхор хавьд манай орны баруун, зүүн хязгаараас ирж суурьшсан Бэгз, Чойнжуур, Чимэд, Хөхөө, Дондов нарын сайн уяачид нутаг нутгийн уяаны дэгээр морь уяж, туршлагаа харилцан баяжуулж байв.

    1982 он АХ-ын 61 жилийн ой

    Зохиогдсон газар: Улаанбаатар хот
    Зохиогдсон огноо: 1982-07-11
    Уралдсан морьдын тоо: тодорхойгүй

    Монгол Улсын анхны 10 алдарт уяачийн нэг Төрбадрахын хүү Самдан, түүний зээрд халзан азрага. Энэ азрага их хурдан, үр төл ч сайтай. Т.Самдан алдарт уяачид тун дөхсөн хүн. - Сундуйн хүрний төл Том цоохор урьд хоёр жилд нь наймлаад энэ жил айрагдав. Үүний төл Бага цоохор урьд жил нь даагандаа түрүүлсэн - Балбарын Дашзэгвэ, Жамъяандоржийн Монхор гэдэг хоёр залуухан хүү энэ Хээр морийг элбэж сайн уяж байсан юм. - Бавуу гуай бол хуучны Баянбараат гаралтай сайн уяач. Түүний Бор морь жаран хэдэн онд их сайн байж улсын наадамд айрагдаж байсан. Энэ уяач бага адууг сайн таниж авч, сайн уяж айрагдуулдаг байсан, одоо хүү Цэдэв нь мөн сайн уяач. - Манлай уяач Дамдингийн хүү Цэндбаатар, багадаа Хүрэн азрага, Буурал морь хоёрыг унаж айрагдаж, түрүүлж байсан. Дээд сургууль төгсөөд марь уях болсон. Даш гуайн хурдан хонгор энд Цэндбаатарын нэр дээр орсон. - Хурц сайдын Шаргын үр Шарга сөнгө даага айрагдсан.
    1975 он АХ-ын 54 жилийн ой


    Зохиогдсон газар: Улаанбаатар хот
    Зохиогдсон огноо: 1975-07-11
    Уралдсан морьдын тоо: 1194

    Эрдэнийн 3 Хүрэн азрагыг яг залгаад Гэсрваанийн 3 хүрэн гэж эцэг, үр хурднууд гарч ирсэн юм. Хамгийн там нь Сөөнөн. Гомбын Хүрэн 1959 онд соёолондоо улсад түрүүлж байсан. Гэсэрваань гуайд ирээд бас нэг түрүүлж, нэг айрагдсан. Түүний үр дунд Хүрэн гэдэг энэ азрага даагандаа түрүүлээд, хязааландаа айрагдаад, азрага болсон хойноо 4 айрагдсан /1 түрүүлж, 5 айрагдсан/, үүний үр бага хүрэн нь хоёр айрагдсан. Гэсэрваанийн 3 Хүрэн нийт 3 түрүү, 7 айраг авсан билээ. - Чойдог гуайн Харлаг яах аргагүй Баянбараатын буурлуудын угшильтай. Улсын наадамд нэг түрүүлж, 2 айрагдсан. Жижигхэн биетэй, нимгэн арьстай, умдаг багатай морь байсан. Ийм морь нас ахих тусмаа сайн гэдэг нь үнэн юм. Энэ жил тойруулгын хэдэн морийг цувуулж хаяад түрүүлсэн, тэд нь айрагт ч багтаагүй хоцорсон. - Дулаан Дамдинжав гуайн Зэгэл азраганы үр төл Саарал азрага анчин Дамдинсүрэн гуайд байсан юм. Түүний үр энэ Хилэн хар улсын наадамд нийт 5 айрагдсан, үүний үр төлөөс нь ч хэд хэд айрагдсан. Угшиль гэдэг энэ буюу.
    1974 он 53 жилийн ой


    Зохиогдсон газар: Улаанбаатар хот
    Зохиогдсон огноо: 1974-07-11
    Уралдсан морьдын тоо: 1205

    Дундговиос уяачид улсын наадамд ирэхээ больсон үед гэнэт Содномпил гуай зориглон ирээд ийнхүү магнай тэнийсэн юм. Энэ Хүрэн азрага Батбуян гуайн адууны угшильтай. Үүний үр төл нь бас хурдан. Бага Хүрэн азрага, Хүрэн морь нь улсад айрагдаж байсан. Ж.Содномпил 1996 онд Манлай уяач цол хүртсэн. - Баянцагаан угшлийн Чулуунбатын хээр морийг Царцаа Дашням гуай багад нь хурдан морь гэж шинжээд бага зэргийн засал хийсэн гэдэг юм. Данзанням гуайн Хээрийг ид байхад нь дийлж түрүүлсэн, ахиад бас нэг айрагдсан. -Дааган Батжаргал бол Алтанбулагийн нэгдлийн адууг олон жил хариулж өөрийнхөө адууны чанарыг сайжруулсан, улсын наадамд олон бага нас айрагдуулсан. Улсын алдарт уяач.
    АХ-ын 49 жилийн ой 1970 он


    Зохиогдсон газар: Улаанбаатар хот
    Зохиогдсон огноо: 1970-07-10
    Уралдсан морьдын тоо: тодорхойгүй

    1970 оны нохой жил, Ардын хувьсгалын 49 жилийн ойн баяр наадам. Дундговиос уяачид ирэхээ байгаад удсан хойно О.Шаравжамц гуай энэ жил зориуд ирж Хүрэн азрагаа түрүүлгэсэн, Падын Дашням гуай 70 гарсан насандаа Галшарын Насан-Очир гуайгаас энэ Хээр азрагыг авч өөрөө морьтой хөтөлж ирээд аман хүзүүдүүлсэн. Энэ бол Дашнямын Өлгөр хээр азарга. Шүдлэндээ сумандаа хол түрүүлсэн гэдэг. Буянт-Ухаад түрүүлж чадаагүй боловч 2 аман хүзүүлж, 1 айрагдсан. Мөн манлай уяач Л.Дамдингийн алдарт Хүрэн азрага 16 насандаа сүүлчийн удаа айрагдаж, төрийн наадмын наймдахь медалиа зүүсэн юм. Өмнө жил нь буюу 1969 онд түрүүлээд байсан Г.Сундуйн шарга морь энэ жил дахиад түрүүлсэн, мөн 69 онд гуравт давхисан Сияннямбуугийн хонгор зээрд дахиад гурвалсан, 69 онд шүдлэн түрүүлээд байсан Чойжамцын хээр энэ жил дахиад түрүүлсэн бол хойтон жил мөн түрүүлж, Монгол наадмын нэгэн шинэ түүхийг бичсэн юм. 1970 оны энэ наадмаар Чойжамц уяач ах дүү гурван хээр адуу багтаасны хязаалан, даага хоёр нь түрүүлж, шүдлэн нь гурвалсан зэрэг содон сониноор дүүрэн наадам болсон юм.
    АХ-ын 48 жилийн ой - 1969 он


    Зохиогдсон газар: Улаанбаатар хот
    Зохиогдсон огноо: 1969-07-11
    Уралдсан морьдын тоо: тодорхойгүй

    - Эрдэнийн олон хүрэн азраганы хоёр нь энэ жил айрагдав. - Хэнтий аймгийн Дархан сумын Лувсандугарын унаган морь. Г.Сундуй гуай 1968 оны намар нүдэн Сэрээтэр гуайтай цуг явж үзэж, таньж авсан. Хойтон хавар нь очиж авчираад зун нь түрүүлэв. Шарга морь улсын наадамд 2 түрүүлж, 2 айрагдсан. Аягач гэлэн хэмээх Гомбосүрэн, түүний хүргэн Дэлгэрийн Ганжуур, түүний хүү Монгол улсын анхны 11 Манлай уяачын нэгээр тодорсон Сундуй гуай бол 3 үеийн их уяач. - Салхин зээрд Шарга морины буруу талд ирсэн юм. Хошуу өлгөсөн гэж үзээд Гэндэн гуай эхлээд түрүү морины пайзыг түүнд өгчихсөн ч явдал бий. - Ишийн Бор гэдэг морь улсын наадамд бага болон их насандаа 4 айрагдав. - Жамцын алаг, Пүрэвжавын Саарал хоёрыг ингэж давхардуулж бичихээс өөр аргагүй болсон юм аа.
    АХ-ын 47 жилийн ой - 1968 он


    Зохиогдсон газар: Улаанбаатар хот
    Зохиогдсон огноо: 1968-07-11
    Уралдсан морьдын тоо: тодорхойгүй

    - Эрдэнэ сумын олон хүрэн азраганы нэг нь энэ жил түрүүлэв. Энэ бол Багаагийн Хүрэн. - Даваанэрэнгийн Хүрэн халзангийн төл баруун хойшоо гарсан нь энэ. Бух Санжаа гуай зарсан. Энэ Хүрэн азрага цаашдаа их ч хурдалсан, олон ч хурдан төл өгсөн. - Рэнцэндорж гуайн Цагаан азрага бариан дээр Сааргай Банзрагч гуайн хүрнийг дайраад тавалсан. Ингэснээр Банзрагч гуайн Хүрэн азрага гурав дахиа зургаалсан. Хавирга Насанбат гуайн багадаа нэг айрагдсан Хүрэн азраганы төл, тэр нь өөрөө Шийтэрийн Зээрдийн үр. Зууны Манлай азраганы үрийн үр Банзрагч гуайн хүрэн азрага яах аргагүй хурдан буян мөртлөө айрагдаж чадаагүй л өнгөрсөн юм. Энэ жил гарцаагүй айрагдлаа гэтэл ийм юм болчихсон юм. - Ноднин түрүүлсэн азрага, морь хоёр энэ жил хоёулаа аман хүзүүллээ. Үнэндээ бол бараг л хоёулаа түрүүлсэн юм. Хүрэн азрага нь Александрийн Хүрний зөв талаар дайраад орж ирснээ бариач залуугийн өмссөн борооны хальсан цувнаас үргээд зогтусчихсан юм. Буурал морь бол бүр гарцаагүй түрүүлсэн. Пүрэвжавын Хүрэн морь хүүхэдгүй давхисаар яах аргагүй аман хүзүүдсэн. Энэ нь баримтат кинонд яг буусан бий. Гэвч Морины комиссын шийдвэрээр Хүрэн морийг түрүүлсэнд тооцсон билээ. - Их уяач Пад агсаны хүү Цэдэв гуай Боржигины их уяач Донойдоогийн Гал гуайгаас Толгой бор гэдэг морийг нь худалдаж авч уяад айрагдуулж 22 жил өнжсөн наадмынхаа өмийг нээв. - Жаргалант удмын үрээнүүд хурдлаад эхлэхийг хамгийн түрүүнд мэдсэн дээрх Цэдэв гуай, мөн Даш гуай хоёр баруун хойноос нэг нэг үрээ авч уяад энд түрүү, аман хүзүүнд давхиулав. Борнуур, Жаргалантаас хурдан морь хөтлөн зөөх их аян ийнхүү эхэлжээ. - Түрүү аман хүзүүний даага нэг айлын унага. Нацаг нь Жамбал гуайн дүү. Эднийхний яваачин залуучууд энэ наадмын түрүү, айргийг тооцож үзээд Борнуурын хурд Баянцагаан, Сэргэлэнг яллаа гэцгээж байж билээ. Үнэхээр тэдний сум энэ жил 3 түрүү, 4 айраг авсан бөгөөд дээр нь соёолонгийн түрүү, аман хүзүү хоёр нь мөн Борнуурын унага байсан.
    АХ-ын 39 жилийн ой - 1960 он


    Зохиогдсон газар: Улаанбаатар хот
    Зохиогдсон огноо: 1960-07-10
    Уралдсан морьдын тоо: тодорхойгүй

    1960 оны Хулгана жил Ардын хувьсгалын 39 жилийн ой. Энэ жил Хонгор морьтын Цэндийн Зээрд морь хоёр дахиа түрүүлж, Монгол Улсын анхны Манлай уяачдын нэг Дамдингомбын Даш агсан анхны айргаа хүртэж, Монгол Улсын анхны 11 Манлай уяачийн нэг, Сүхбаатарын одонт уяач Д.Гарамжав агсан анхны түрүүгээ хүртсэн түүхтэй. Мөн түүнчлэн Сэргэлэн сумын Магалжавын алаг азарганы төл гурван алаг үрээ 1, 2, 3 угсраагаараа ирсэн. Ноднингийн хоёр дээр Улаан хээр алаг нь нэмэгдсэн юм. Шар хээр алаг нь Пэлжээгийн Дорж гуайд, Улаан хээр алаг нь Очирын Бадарчид, Борлог нь Хараагийн Дэндэвт очсон. Хойтон жил нь Борлог нь айрагдсан, Шар хээр алаг нь их морь болсон хойноо хоёр айрагдсан. Улаан хээр алаг нь өөд газар их сайн морь байсан, ахин айрагдаж арай л чадаагүй юм.