Төрийн наадамд тод магнай торгон жолоогоо өргүүлсэн удам дамжсан уяачдын уухайд түрлэг нэмдэг цуврал булангийн маань 11 дэх удаагийн зочноор Монголын анхны Манлай уяачдын нэг Дорнойн Сундуй агсан, түүний хүү Аймгийн Алдарт уяач С.Энхээхүү нар оролцож байна.
Монголын хурдан морины түүхэнд нэг азарганы дөрвөн үеийн үр төлөөр бахдтай сайхан наадсан ховорхон амжилтыг бүтээсэн хүн бол  Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Дорнойн Сундуй агсан юм.
1925 оны үхэр жил Баянбараат сумын Хар толгой хэмээх газар мэндэлсэн Сундуй долоон настайгаасаа эхлэн хурдан морь унаж 14 хүртлээ нутгийнхаа Цахир-Эрдэнэ хэмээх  ламынхны морийг унадаг байжээ. Багаасаа хурдан хүлгийн нуруун дээр салхи адил дэрвэлзэж өссөн хүү моринд томдсон хэдий ч сэтгэл холдож төвдөлгүй эхний жилээ дааганы уяаг бие даан тааруулж уяач болох гараагаа эхлэв. Хэдийгээр ирээдүйн Манлайн эвлүүлсэн даага айрагдаж, түрүүлээгүй ч хичээвэл болох  юм байна гэх урмыг галыг нь дэврээсэн гэдэг.
Хар багаас адуутай нөхөрлөж, эр биеийн жаргалыг эмээлт хүлгийн зоон дээр хэмээн төсөөлж явсан Д.Сундуй нэг нутгийн Л.Даваасүрэн гэх бүсгүйтэй дэр нэгтгэн 10 хүүхдийн аав ээж өнөр бүлийн тэргүүн болсон юм.
Тэднийх Төв аймгийн Сэргэлэн сумын Сүжиг, Ганц худаг, Хөшиг Эрдэнэ уул хавиар нутаглана. Д.Сундуй сайн уяачаас гадна шаггүй жолооч. Амьдралынхаа 20 гаруй жилийг жолоо мушгин өнгөрөөсөн Сундуйг сумынхан нь “сүүний тэрэгний  Сундуй” гэнэ. Сүүний тэрэгний Сундуй сүүлд  сумын орлогч дарга, сумын даргын албанд 10 гаруй жил зүтгэснийг мөн хэлэх нь зүйтэй байх. Харин  Манлай уяач Д.Сундуйн хувьд Хэнтий нутгийн хурдыг тэнгэрт хадаан адууны ханшинд эргэлт хийсэн цөөн эрхмүүдийн нэг юм.
Төрийн наадамд нэг түрүүлж, гурав айрагдсан Өвгөн хүрэн азаргаа тэрээр соёолонд нь буюу 1970 онд 6000 төгрөгөөр худалдан авч, тухайн үедээ л ”шум” дэгдээж байсан гэдэг. “Адуу үнэтэйдээд 6000 төгрөг байхдаа яадаг юм, арван хүүхдийнхээ нэгэнд нь ч гэсэн ором бэлтгээд өгчихгүй” гэх зэмлэлтэй зэрэгцэн “халхын хурдан буян хишгээ өгөх өдөр ирнэ” гэх урмын үгийг ч дуулж байсан гэдэг.
Хурдан хүрэн азаргаа авахдаа Д.Сундуй, нэг нутагт усны бас адуу сайн мэдэхээр нь Дашийгаа дагуулан явжээ.
Шаардлага өндөр нийгэмдэ? захирагдан гурван хоногийн чөлөөтэй явсан хоёр уяач Галшар сумын айлуудаар бууж адуу мал шинжиж явахдаа Жамсран гэгч Буянт суманд нэг түрүүлсэн хүрэн азаргаа зарж магадгүй гэх сураг дуулав.
Ингээд Жамсрангийнд иртэл мал туугаад явчихсан байх нь тэр. Тэр холоос зорьж ирчихээд замын дундаас хаячихалтай биш, араас нь нэхсээр хээрийн задгай бэлчээрт уулзжээ. Эрчүүдийн наймаа тохиролцоонд хүрч Д.Сундуй  6000 төгрөгөө тоолж өгчихөөд Пэрэнлэйн суурьт яваа хүрэн азаргаа зорилоо.
Барааг нь хараагүй азаргаа сэтгэлээд зурсаар “хүрэн” хэмээх Пэрэнлэйгийнд очтол гэрийн эзэн “ойрд адуу хураагаагүй. Бага үдэд хойд нуур луу оруулна” гэсээр угтав.
Манлай хүрэн азарга анх хараад л “үнэхээр сайхан амьтан юмаа. Аргагүй л зүүн зүгийн адуу даа” хэмээн уулга алдсанаа дурсан ярьдаг. Үнэхээр ч хүрэн азарга босоодуу ястай, чихний үзүүр шовх хурц, туурай агуу, толгой хатингар, нүд хурц, гоёмсог сайхан адуу байсан гэдэг.
Д.Сундуй улсын ажил цалгардуулсан гэх ялнаас эмээн хүрэн азарга Дашдаа захиж үлдээгээд өөрөө түрүүлэн иржээ. Гэтэл нөхөр нь ирдэггүй, найздаа, хурдан хүлэгтээ санаа зовнин гэрээр нь байн байн ирэх хэдий ч ирдэггүй. Үнэн хэрэгтээ Дашийг саатуулсан шалтгаан нь Жамсрангийн дүү тэргүүтэй нутгийн залуус “хурд гаргахгүй” гэх бяцхан бойкот хийснийх байсан гэдэг.
Жамсран  хүрэн азаргандаа цоохор хондлойтой хүрэн бор гүүг дагуулан өгсөн нь Онгой хэмээх Адилбишийн адууных байсан аж. Хүрэн азарга шинэ нутагт ирсэн жилээ буюу 1971 оны улсын наадамд 50 гарч  давхиад, 1972, 1974 оны наадмуудад айргийн дөрөвт хурдалж харин 1975 онд түрүүлэн, 1979 онд 17 настай аман хүзүүлж, 1980 онд 18 настайдаа  есөд давхиж байсан юм.
Ийнхүү төрийн наадамд нэг түрүүлж, гурав айрагдсан хүрэн азарга 18 нас хүртлээ салхи татуулан хурдалсаар байсан бөгөөд түүний үр төлүүд нь ч гэсэн эцгийн шийрийг хатаасан хурдан хүлгэд байв. 
Хүрэн азарга  буурал гүү хоёрын дундаас гарсан биеийн хэлбэр босоо цомцгордуу, дэл сүүл шингэн цоохор унага эцгийн шийрийг хатаан хурдалж улсын наадамд нэг айрагдан, хоёр удаа зургаад, хоёр удаа наймд хурдалсан нь хожмоо Том цоохор хэмээн алдаршсан юм.
Сонирхуулж хэлэхэд эцэг хүрэн азарга 18 настай есөд давхисан 1980 оны наадамд төл Том цоохор нь  наймд давхиж  наадамчин олныг шуугиулж байсан юм.
Том цоохор азарганд Төв аймгийн Сэргэлэн сумын “дэлдэн” хэмээх Жамцын алаг гүүг /хүрэн азарганых нь мялаалганд өгсөн / хураалган  гарсан цоохор унага хожмоо монголын хурдан морины түүхэнд Сундуйн бага цоохор хэмээн нэрлэгдэх болжээ.
Бага цоохорын эх алаг гүү бол Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Магалжавын  хурдан алагуудын  угшилтай. Бага цоохор 1980 оны наадамд даагандаа түрүүлж, 1986, 1992 оны наадмуудад тус тус айргийн тавд хурдалж байсан юм. Харин том цоохор азарганых нь төл Өлгөр хүрэн азарга 2000 оны улсын наадамд айргийн гуравт хурдалж, дөрвөн үеэрээ төрийн наадамд айрагдсан ховорхон заяат хүлгэдээр нэрлэгдсэн юм. Өлгөр хүрэн азарганы эх нь тойруулга гаралтай хүрэн халзан гүү байсан гэдгийг хурдан морь сонирхогчид мэдэх бизээ.
Ийнхүү нэг азарганы дөрвөн үеийн үр төлөөр бахтай сайхан наадан төрийн наадмаас хоёр түрүү, зургаан айраг хүртсэн Д.Сундуй хурдан хул мориныхоо амжилттай нийлээд улсын наадмаас  2 түрүү, 12 айраг хүртсэн амжилтаараа 1996 онд МУ-ын Манлай уяач цолыг хүртсэн юм.
Аймгийн Алдарт уяач С.Энхээхүү:” Би муу аавдаа эрхэлдэг байсан”
Монгол улсын найм дахь Манлай /үнэмлэхний дугаар нь 8/ Д.Сундуй агсны  арван хүүхэд цөм хурдан морь унаачид. Аавынх нь уясан хүлгэд айрагдаж түрүүлэх тэр л цэнгэлт агшныг хуваалцагсад билээ. Манлайн арван хүүхдийн нэг нь ЗХЭГ-ын дарга, ХЗДХ-ийн сайд асан УИХ-ын гишүүн Су.Батболд гэдгийг уншигчид хэлүүлэлтгүй мэдэх бизээ.
Харин аавын голомтыг залгаж, уяаны эрдмийг нь өвлөсөн нь С.Энхээхүү, Энхбат нар юм. Бусад нь ажил амьдралын шаардлагаар төв суурин газар бараадсан нь наадамд дөхөхөөр цуглан уяаны ажилд элбэлцэлдэг гэнэ.
Нэг жилийн наадамд алдарт хүрэн азаргаа түрүүлгэж, хул морио айрагдуулсан С.Энхээхүү багаасаа л аавыгаа даган гар хөлийн үзүүрт нь зарагддаг байв. Тэрээр энэ тухайгаа ”Би муу аавдаа эрхэлдэг байсан юм шиг байгаа юм. Өнгөрөх хүртэл нь бараг бүх юмаа заалгана. Бүр унах морио хүртэл асууна шүү. Гэхдээ тэглээ гээд надад муу юм болоогүй ээ. Аавынхаа дэргэд байсных амьдралын дөртэй болсон байх. Ядаж л өвлийн цагт морио яаж эдлэхэв гэдгээс эхлээд. Яахав цаг үе өөрчлөгдөөд аавын маань үеийн уяа одоо үеийн уяа тэс өөр болсон байна л даа. Гэхдээ л гол зарчим бол өөрчлөгдөхгүй. Манай аав ер нь адууг тарган талд нь уядаг хүн байсан.Намартаа хонгор салхинд хэд хоног уяна. Өвөл цас ороод хүйт оронгуут хэд хоног зөөлөн унана. Унахдаа өдөр бүр явах зай нь өөр өөр. Эхний өдөр багахан газар явсан бол маргааш нь зайгаа арай холдуулаад гэх мэтчилэн. Энэ мэтээр эдэлсээр цагаан сарын өмнөхөн  өвөл гэдсийг нь авчихна. Ер нь ингэж эдэлсэн адуу хавартаа нэг их бурууддаггүй юм шиг байгаа юм.
-Хүрэн азаргаа түрүүлгэж, хул морио айрагдуулсан 1975 оны наадмаа дурсаач?
-Тэр жил 400-гаад азарга уралдсан юм. Тухайн үед 9 настай жаахан хүүхэд байж дээ. Аав минь намайг мордуулахдаа “За миний хүү Буянт-Ухаа харагдтал хоёр адууны ард л яваарай. Тэрнээс өмнө амыг нь тавьж  болохгүй шүү“ гэсэн юм. Би ч аавынхаа захисан ёсоор хоёр азарганы ард л дараатай яваад байлаа. Тэгсэн нэг харсан урд хоёр биш дөрвөн азарга явж байх юм. Хэдийдээ урд гарчихсан юм бүү мэд. Бодвол  тоосон дунд л гарчихсан юм байлгүй. Тэгэхээр нь азарганыхаа амыг тавьтал урд нь явсан хоёрыгоо яах ийхийн зуургүй гүйцээд нөгөө хоёрын араас хөөлөө дөө. Нэхсээр байгаад хоёуланг нь идэж, тэр наадамд хүрэн азарга маань түрүүлсэн. Аав маань ер нь их баримжаатай хүн  байсан шүү. Адуугаа ер нь мэднэ. Тэр хавьцаа давхих болов уу гэхэд яг л хэлснээр нь ирнэ шүү дээ. Хүрэн азаргаа ч гэсэн мэдэж байсан.
-Уралдахынхаа өглөө их сонин байсан гэдэг бил үү?
-Харин тиймээ. Уяа нь таарч, ир нь орсон адуу ер нь их тайван амгалан болчихдог юм шигээ. Уралдахынх нь өглөө аав намайг азаргаа баалга гэсэн юм л даа. Тэгээд унаад шогшуулах гэсэн ер явдаггүй. Эмээлэхийг ч мэдэж байгаа янзгүй нойрмоглоод. Хүнээр бол шал нойрмог юмуу даа. Тэгсэн аав харчихаад “наадахыгаа олигтойхон ороолгоод шогшуулаадах” гэж байна. Тэгэхээр нь хоёр гурав ороолгоодохсон чинь пөг пөг гээд дуртай дургүй шогшиж байсан. Юм мэдэхгүй хүнд тэр янзаараа давхихааргүй л байсан даа. Тэгсэн үгүй л юм билээ
-Төрийн тэргүүнээс нэг өдөр хоёр бэлэг авах сайхан байсан уу?
-Өө тэгэлгүй яахав. Тэр үед чинь одоогийнх шиг зургаан нас зургуулаа төв цэнгэлдэхэд цоллуулдаггүй. Дээд гурван нас л ордог байлаа шүү дээ. Тэгэхэд би хоёр удаа шагнал авна гэдэг сайхан л байсан. Индэртээ хүрэхгүй хүнээр өргүүлж байгаад л бэлгээ авч байлаа. Уг нь тэр жил манайх нэг түрүү хоёр айраг авсан юм ш дээ.
- Өөр ямар нас айрагдсан юм бэ?
-Манай том цоохор соёолондоо тэр жил уг нь айрагдсан юм билээ л дээ.
- Тийм үү?
-Тийм. Тав зургаагийн адуу зэрэг шахуу орж ирэхгүй юу. Тэгсэн бариач зургаагийн адууг барьчихаж. Тэгэхээр нь аав очоод “Чи яагаад тавын үрээг барихгүй зургаагийн үрээг оруулчихаж байгаа юм.” гэтэл нөгөөх нь  “танай хувьд өнөөдөр болсон юм биш үү” гэсэн гэнэлээ. Яагаад гэхээр тэр бариач манай азарга, их насыг хоёуланг нь барьсан юм байж. Тэгэхээр нь аавд хэлэх үг олдоогүй гэсэн.
-Сонин л түүх байна. Ингэхэд хүрэн азарга хэд хүрсэн юм бэ?
- 18-тай есөд давхисаныхаа дараа жил нь азарганд бариулаад шархаа дийлээгүй юм.
-Манлай аавын удмыг залгасан уяач хүү ямар ямар амжилт үзүүлсэн  бэ?
-Аймгийн 80 жилийн ойгоор айрагдсан хүрэн хязаалан маань Боржигоны бүсийн наадамд гуравт давхисан. Мөн 1995 онд нэг даага айрагдуулсан.
-Амжилт гаргасан адуунууд танай унаган адуу юу?
-Боржигоны наадамд айрагдсан хүрэн хязаалангийн эцэг нь Сүхбаатарын Уулбаянаас аав байхдаа авсан нэг хүрэн азарга байсан юм. Харин эх нь манай том цоохорын төл. Улсад 1995 онд айрагдсан цавьдар дааганы тухайд бол эцэг нь Дулаан Дамдинжавын адуу. Дулаан угшилтай гэх үү дээ.
-Аавтайгаа хамт өнгөрөөсөн хамгийн сайхан дурсамжтай наадам?
-Аав маань бага цоохор азаргаа хамгийн сүүлд айрагдахад л жигтэйхэн их баярласан юмдаг. Өөрөө ч гэсэн их баярлалаа гэж байсан. Тэр жил цоохор азарга сунгаануудад ер нь жаахан хойгуур давхиад байсан юм л даа. Азарганаас гадна нэг буурал морь уяж байсан тэр нь нөгөөхөө бодвол арай дөнгүүр байсан юм. Аав “энэ жил адуу ч сайнгүй байна. Та нар аймагтаа наадчихгүй юу” гэсэн манай том ах Энхбаатар “би ганцхан буурал морио аваад улс явлаа.” гэж байна. Тэгсэн айхтар бороо орж манайх адуугаа алдчихдаг юмаа. Хайж байгаад олоод иртэл аав азаргаа харчихаад “наад азарга чинь орхихооргүй л болчихсон байна. Азаргаа аваад яв” гэсэн. Тэгээд л том ах морин тэргээ хөллөн хэдэн хүүхдээ дагуулаад явж, аав бид 2 гэрээ сахиад үлдлээ. Наадмын хүмүүс хөдлөөд удаагүй байсан аав гэнэтхэн хоёулаа араас нь явъя нэг юм х?лэх ёстой гэлээ. Тэгээд очоод ахад “азарга чинь хоёр гурван хоног бороонд норчихсон. Алдартолгойн наана сууж байгаад сайн хөлс аваарай. Бүр майхандаад” гэсэн. Майхандана гэдэг нь нэг ёны саун юмуу даа.
Маргааш  өглөө нь  манай хамгийн бага дүү наадамд явах ёстой байсан ч нойроо дийлдэггүй. Би гэрээ харж байя та яв л гэж байна. Айдасын даваа өнгөрөөд  явж байтал азарга гараа руугаа явж байхтай таараад хүүхдийнхээ олмыг чангалж өгчихөөд явсан. Тэр наадамд азарга маань тавлаж аавын магнай тэнийж билээ.
-Танай хүүхдүүдээс удам залгах уяа төрж байна уу?
-Манайх гурван хүү, нэг охинтой. Хөвгүүд маань цөм л морь унана. Одоогоор бага болохоор уяач болж байна гэж хэлэхэд арай л эрт байна. Гэхдээ удам залгах байхаа.
Ийнхүү чин сэтгэлийн яриа дэлгэн хөөрөлдсөн С.Энхээхүүгийнх Төв аймгийн Сэргэлэн суманд зусаж буй. Тэрээр аавынхаа үлдээсэн хурдан хүлгэдийн цусыг сэлбэхээр ганц нэг азарга авч буй гэнэ. Мөн УИХ-ын гишүүн дүү нь саяхан зүүн аймгаас хурдан үрээ авчирсан тэр нь нэг юм дуулгах байх хэмээн горьдлого тавьж буйгаа ч нуугаагүй юм.
Шуранхайн дуу хадсан монгол наадам айсуй
Сундуйн Манлайн хөвгүүд морьдоо зэхэж сууна