• Гавъяа шагнал, цол зэрэг: Улсын сайн малчин, Сүхбаатарын одон, Монгол Улсын Тод Манлай уяач

    Хэдэн оноос хурдан морь уяж эхэлсэн: 1961 онд Ардын хувьсгалын 40 жилийн ой болох гэж байлаа. Сэргэлэн сумын гаргүй Чулуун хэмээх Гомбожавын Чулуун гуайгаас хүрэн халзан азаргыг нь авч уясан юм. Халзан азарганы эцэг нь Нялгын Падын "Янзага" хүрэн гэж хурдан азарга байсан

    Анхны айраг түрүү авсан морь, наадам: 1977 оны улсын наадамд өмнө өгүүлсэн хүрэн халзан азарганы төл “Жураан” хэмээх зээрд соёолон 4-т хурдалж анх унаган морио улсын наадамд айрагдуулсан.

    Хамгийн сайн давхисан, алдаршсан хурдан морьд:
    Өвгөн цавьдар азарга хязааландаа Баянцагаанд түрүүлж азарга болоод улсын наадамд нэг аман хүзүүлж хоёр айрагджээ. Түүний угшлаас хар морь улс бүсийн наадамд хоёр түрүүлж нэг аман хүзүүлж дөрөв айрагдсан, хээр морь бүс, аймаг сумдын наадамд 10 гаран айраг түрүүнд хурдалсан. Түвшинсанаагийн зээрд азарга, цавьдар морь, “Мөнгөн” зээрд халзан азарга зэрэг адуунууд улсын наадамд айрагдсан. Ер нь хүний олон сайн хурдыг  авсанч тэд надад айрагдсангүй. Харин тэдний төл хурдан адуунууд улс бүсийн наадамд айраг түрүү авч би унаган адуугаар “Манлай” уяач болсон юм. Жишээ нь хар морины эцэг нь өвгөн цавьдарын төл цавьдар азарга, эх нь Маарын хээр азарганы эгч гүү байсан. Энэ цавьдар азарганы төл хээр морь, “Мөнгөн” зээрд халзан азарга зэрэг хурдан адуунуудын эх нь Хэнтий аймгийн Бажаа улааны угшилтай хул халзан гүү байсан. 1998 онд улсын наадамд айрагдсан зээрд азарганы эх нь Магалжавын алагийн угшилтай, зээрд морины эх нь Доржсүрэнгийн хээрийн угшилтай байсан. Улсынхаа наадамд унаган азарга, их насны морьдоо айрагдуулаад байх бахтай сайхан байна.

    Унаган адууны гарал, угшил, онцлог:
    Манай аав Шархайн дууч Цэрэн гэж Манзушир хутагт Цэрэндоржийн найр наадам дээр дуулж явсан хүн юм. Хутагтад Гадин засгийн хошуунаас нэгэн шарга азарга өргөлд иржээ. Түүний төлөөс дөрвөн шарга азарга гарсан байна. Тэр азарганууд хэн хэнд очив гэвэл Цэрэндорж хутагтын ах Мөр, хүргэн шуухинаа Жадамба, уяач шатан Гомбожав, дууч Цэрэн нарт хүрчээ. Энэ шарга азарганы угшил манай унаган адуу.

    Цуглуулсан адууны удам угшил, үүлдэр угсаа
    Өөрийн адуун дээрээ Сэргэлэнгийн олон хурдан адууны дээд угшил болсон Мишиг баргын хээр азарганы төл паргиа Гомбосүрэнгийн хээр гэж хурдан азарга байлаа. Цагаан сарын уралдаанд их настай явуулахад түрүүлээд ирдэгсэн. Түүний төл Доржсүрэнгийн хээр азарга, Баян сумаас хоёр хул азарга, Чулуун гуайгаас хүрэн халзан азарга, Говьсүмбэр аймгийн дөрвөд Цэвээндоржоос Увс гаралтай хонгор азарга, 1982 онд Төв аймгийн Баянцагаан сумын царцаа Дашнямын өлгөр хээрийн төл Лантуу Гомбо хэмээх Лодонгийн Гомбын цавьдар азаргыг Сэргэлэн сумын Чулуунбатад ирээд байхад нь 10.000 төгрөгөөр авсан. Мөн Дорноговь аймгийн Сүмбэр, Иххэтийн Нарангэрэл нараас хурдан удамтай сайн азаргануудыг авч азарга тавилаа.

    Бас сайн гүүнүүд ч авч байв. Тухайлбал Баянцагааны Тожилоос Данзаннямын хүрэн азарганы эх хар гүү, Авдарын энгэрийн бахираа Найдангийн “Харилтгүй хар бүргэд” хар азарганы төл саарал гүүг тойн Пүрэвдоржоос гурван адуугаар авч Сэргэлэнгийн Магалжавын хээр алаг азарганд хураалгаж хэдэн төл авч байв. Цавьдар азарганд Доржсүрэнгийн хээр, Магаагийн алаг азарганы төл гүүнүүдээс гадна өөрийн унаган гүүнүүд хураалгасан. Эдгээр адуун дээр Сэргэлэн сумын жолооч Л.Ухнаагаас бэлбэсэн зээрд азарга авч өөрийн унаган гүүнүүд хураалгасан. Баянжаргалан сумын Жагдагын бэлэглэсэн Галын Шагдарын адууны угшилтай монхор цавьдар азарга, Сүхбаатар аймгийн аварга Дондовын хүү Энхээгийн хүрэн азарга, Эрдэнэцагаан гаралтай хээр азарга, Хэнтий аймгийн Баянхутагаас гаралтай шинэ зээрд азарга, өвгөн цавьдарын угшилтай “Мөнгөн” хэмээх гадсан сартай цавьдар азарга гээд олон сайн азарга тавив.

    Иххэт сумын хурдан морьт монгол улсын алдарт уяач Нарангэрэлээс хурдан хонгор морь, хэдэн гүү авсны дотор хамар цагаан хул гүүний төл хонгор халзан азарга гарсан. Магалжавын алгийн угшилтай гүүнээс гарсан хөх хүрэн гээч азарганд цавьдар азарганы  охин талын дөрөв дэх үеийн байдсыг хураалгаж хүү Түвшинсанаагийн цавьдар азарга гарсан. Энэ азарга улсын наадамд 6, 7, 8-д давхиж улс бүсийн наадамд гурав айрагдаад байна. Жаргалантын хөдөлмөрийн баатар Шаравдоржоос “Аргай” хул азаргыг 40 хонь 300.000 төгрөгөөр авч өөрийн угшилт гүүнүүдээ хураалгасан

    Сэтгэлд хоногшсон дурсамж:
    1996 онд адууныхаа түвшинг тогтоохоор зургаан насанд нас бүрд зургаан адуу нийт 36 адуу улсын наадамд уяв. Хурдан морины хүүхэд, яваачин, туслах уяач гээд арваад  хүүхэдтэй ажилласан юм. Тэр жил амжилт ч гаргасан их ч ядарсан. Бага цавьдар азарга 6-д хар соёолон түрүүлж хүрэн соёолон 6-д гээд 10 дотор дөрвөн адуу  орж хамгийн сүүлийн морь 100-д давхисан. Улсын наадмын морьдыг 300-гаар дундажилбал гуравны хоёр хувиас өмнө гуравны нэг дотор нь манай адуу хурдалсан байна. Тэр жил би сэтгэл хангалуун наадаж сайн адуутай болжээ гэж өөртөө хэлсэн юм