• Энд дарж файлыг татах /Data/uploads/docs/цт.docx

    2013 оны 01 сарын 11 өдөр

    ЦАХИМ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ

     

    Нэг. Нийтлэг үндэслэл

    1.1. Энэхүү журмын зорилго нь захиалагч байгууллагын зүгээс /цаашид "захиалагч" гэх/ Засгийн газрын цахим худалдан авах ажиллагааны мэдээллийн систем буюу www.meps.gov.mn /цаашид "цахим систем" гэх/ цахим хуудсыг ашиглан бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах /цаашид "цахим тендер шалгаруулалт" гэх/, түүний хэрэгжилтийг хангахтай холбогдох харилцааг зохицуулахад оршино. 

    1.2. Захиалагч тендерийн урилга, үр дүнг олон нийтэд зарлан мэдээлэх, сонирхсон этгээдэд тендерийн баримт бичгийг түгээх, тендерийн нээлт хийх, тендерт оролцогч татварын баталгаа шаардлагад нийцсэн хэлбэр болон дүнгээр ирүүлсэн эсэхийг хянахдаа цахим системийг ашиглана. 

    1.3. Энэхүү журмаар зохицуулагдаагүй бусад харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид "хууль" гэх/, тус хуульд нийцүүлэн гаргасан холбогдох журам, зааврын дагуу зохицуулна. 

    1.4. Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага нь цахим системийн үйл ажиллагааг эрхлэн хэрэгжүүлнэ. 

     

    Хоёр. Захиалагч байгууллагыг цахим системд бүртгэх

    2.1. Захиалагч цахим тендер шалгаруулалтыг зохион байгуулахдаа урьдчилан цахим системд бүртгүүлж, нэвтрэх эрх, хувийн нууцлалын код авна. 

    2.1.1. Захиалагч цахим системд бүртгүүлэх, хувийн нууцлалын код авах хүсэлтээ (байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариуцан ажиллах албан тушаалтны овог нэр, холбогдох утасны дугаар, и-мэйл хаягийн хамтаар) албан бичгээр мөн цахим системд дээрх мэдээллийг оруулан Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагад хүргүүлнэ. 

    2.1.2. Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага захиалагчийн хүсэлтийг хянан, ажлын 3 хоногт багтаан цахим системд бүртгэж, хувийн нууцлалын кодыг олгоно. 

     

    Гурав. Цахим тендер шалгаруулалтад оролцох этгээдийг цахим системд бүртгэх

    3.1. Цахим тендер шалгаруулалтад оролцохыг хүссэн этгээд урьдчилсан цахим системд бүртгүүлж, нэвтрэх эрх, хувийн нууцлалын код авна. 

    3.1.1. Тендерт оролцогч цахим системд бүртгүүлэх, хувийн нууцлалын код авах хүсэлтээ (Улсын бүртгэлийн гэрчилгээ /зөвлөх хувь хүн иргэний үнэмлэх/-ний нотариатаар баталгаажуулсан хуулбар, тусгай зөвшөөрлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, аж ахуйн нэгжийг төлөөлөх эрх бүхий этгээдийн иргэний үнэмлэхний хуулбар, хариуцах ажилтны товч мэдээлэл, харилцах цаг) албан бичгээр мөн цахим системд дээрх мэдээллийг оруулан худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагад хүргүүлнэ. 

    3.1.2. Худалдан ава ажиллагааны мэргэжлийн байгууллага тендерт оролцогчийн бүртгүүлэх хүсэлтийг ажлын 3 хоногт багтаан хянаж, үнэн зөв баримт бүрдүүлэн ирүүлсэн этгээдийг цахим системд бүртгэж, хувийн нууцлалын код олгоно.

    3.1.3. Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага хувийн нууцлалын код олгосон тохиолдолд тендерт оролцогч нь цахим системд өөрийн мэдээлэл болон нууц дугаарыг бүртгүүлж, хадгалж авна. 

    3.1.4. Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага нь тендер оролцохыг сонирхсон этгээдийг цахим системд бүртгэн, хувийн нууцлалын код олгохдоо энэхүү журам болон худалдан авах ажиллагааны хууль, тогтоомжийн дагуу тендерт оролцохоо илэрхийлсэн мэдүүлгийг бөглүүлж, тухайн тендерт оролцохыг сонирхсон этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээдээр гарын үсэг зуруулан авч хадгална. 

    3.1.5. Тендерт оролцогч нь цахим системд өөрийн мэдээлэл үнэн зөв бүртгэгдсэн эсэхийг шалгах үүрэгтэй бөгөөд буруу бүртгэгдсэн мэдээллийг залруулах хүсэлтийг худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагад гарган залруулга хийлгэж болно. 

     

    Дөрөв. Цахим тендерийг зохион байгуулах

    4.1. Цахим тендерийг дараах журмын дагуу хэрэгжүүлнэ. 

    4.1.1. Захиалагч цахим системд нэвтрэх эрхийг энэхүү журмын 2 дугаар зүйлд заасны дагуу авна. 

    4.1.2. Захиалагч тендерийн жишиг баримт бичгийн дагуу тендерийн баримт бичгийг боловсруулсны дараа цахим тендер шалгаруулалтын урилга, тендерийн баримт бичгийг цахим системээр дамжуулан хуульд нийцүүлэн зарлана. 

    4.1.3. Цахим тендерийн баримт бичигтэй сонирхсон бүх этгээд үнэ төлбөргүй танилцах боломжтой бөгөөд цахим тендерт оролцохыг сонирхогч этгээд хуулийн 22.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү журмын 6.3-т заасан хураамжийг төлсний үндсэн дээр цахим тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. 

    4.1.4. Цахим тендерт оролцохыг хүссэн этгээд нь тендерийн баримт бичигт заасны дагуу өөрийн тендерийг боловсруулан бусад шаардлагатай материалын хамт электрон хэлбэрээр буюу "pdf" форматад хөрвүүлэн илгэснээр цахим тендер шалгаруулалтад оролцоно. 

    4.1.5. Цахим тендерийн урилгад заасан тендер хүлээн авах эцсийн хугацаа нь цахим системийн серверийн цагаар тооцогдох бөгөөд хугацаа хоцорсон тендерийг хүлээж авахгүй. 

    4.1.6. Цахим тендер хүлээж авах эцсийн хугацаа дуусахад үнэлгээний хороо цахим системийг ашиглан хуулийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу тендерийн урилгад заасан цагт тендерийн нээлтийг хийнэ. Тендерийн нээлтэд сонирхсон этгээд оролцох эрхтэй бөгөөд тендерт оролцогч системд нэвтрэн орж тендерийн нээлттэй танилцах эрхтэй. 

    4.1.7. Үнэлгээний хороо цахим тендерийн үнэлгээг хууль, холбогдох журам, зааврийн дагуу хийнэ. 

    4.1.8. Цахим тендер хүлээж авах эцсийн хугацаа дуусахаас өмнө тендерт оролцогч илгээсэн тендертээ засвар, нэмэлт өөрчлөлт оруулах, буцаан авах эрхтэй. Хэрэв тендерт оролцогч илгээсэн тендерээ буцаан авсан тохиолдолд цахим тендерт оролцох хураамжийг буцаан олгохгүй. 

    4.1.9. Цахим тендер шалгаруулалтад оролцогч санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим систем Татварын ерөнхий газрын татвар төлөгчдийн мэдээллийн сангаас тендерт оролцогчдын татвар төлөлт, санхүүгийн тайлангаас шаардлагатай мэдээллийг шалгана. 

    4.2. Цахим тендерт оролцогчийн илгээсэн баримт бичиг нууц үгтэйн улмаас нээгдэхгүй буюу уншигдахгүй тохиолдолд үнэлгээнд харгалзан үзэхгүй. 

     

    Тав. Цахим тендерийн баталгаа

    5.1. Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна. 

    5.2. Цахим тендерт оролцогч тендерийн материалд цахим тендерийн баталгааг хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим систем цахим тендерийн баталгаа гаргагч арилжааны банкны мэдээллийн сангаас тендерт оролцогчийн цахим тендерийн баталгааны талаарх мэдээллийг шалгана. 

    5.3. Цахим тендерийн баталгаа гаргагч арилжааны банк нь худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагатай байгуулсан гэрээнд заасны дагуу цахим тендерийн баталгааг гаргаж ажиллана. 

     

    Зургаа. Цахим тендерт оролцох хураамж

    6.1. Цахим тендер шалгаруулалтад оролцох этгээд энэхүү журмын 6.3-т заасан хураамжийг арилжааны банкны цахим төлбөрийн картын системээр дамжуулан төлснөөр өөрийн тендерээ илгээх эрхтэй болно. 

    6.2. Цахим тендер шалгаруулалтад оролцох хураамжийн хэмжээ нь хуулийн 22.2-т заалтад үндэслэсэн байх бөгөөд 20,000.00 /хорин мянга/ төгрөг байна. 

    6.3. Цахим төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч арилжааны банк нь худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагатай байгуулсан гэрээнд үндэслэн цахим тендерт оролцох боломжоор тендерт оролцогчийг хангана. 

     

    Долоо. Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын үүрэг

    7.1. Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага нь цахим системийн хэрэгчийн бүртгэл, цахим систем дэх барааны бүртгэл, портал хуудас, цахим дэлгүүрийн системийг хөтлөн явуулна. 

    7.2. Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага нь цахим системийн барааны бүртгэлд барааг бүртгэхдээ аж ахуйн нэгжээс ирүүлсэн хүсэлтэд үндэслэн бүртгэнэ. Шаардлагатай тохиолдолд бараатай танилцаж баталгаажуулна. 

    7.3. Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага нь цахим системийн аюулгүй ажиллагаа, нууцлалыг хангаж ажиллана. 

    7.4. Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага нь Татварын ерөнхий газар, цахим тендерийн баталгаа гаргах болон цахим төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч арилжааны банктай гэрээ байгуулж ажиллана. 

     

    Найм. Цахим тендерт оролцогчийн үүрэг

    8.1. Цахим тендер шалгаруулалтад оролцохыг сонирхогч этгээд нь худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагаас олгосон нэвтрэх эрхийн нууцлалыг хангаж ажиллана. 

    8.2. Цахим тендер шалгаруулалтад оролцохдоо тендер хүлээж авах эцсийн хугацаанаас өмнө урьдчилан бүртгүүлсэн нэвтрэх эрхийг ашиглан өөрийн тендерээ энэхүү журмын 4.1.4 дэх хэсэгт заасны дагуу илгээнэ. 

    8.3. Тендерт оролцогч цахим системийн шаардлагад нийцүүлэн тендерийн баримт бичгийг бэлтгэн ирүүлэх бөгөөд тендерт оролцогчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарах аливаа хариуцлагыг худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага болон захиалагч хариуцахгүй. 

    8.4. Тендерт оролцогч нь нэвтрэх эрх болон түүний нууц үгийг гээсэн, мартсан тохиолдолд худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагад дахин хандаж авна. 

     

    Ес. Захиалагч байгууллагын үүрэг

    9.1. Захиалагч байгууллага нь цахим тендер шалгаруулалтыг энэхүү журамд заасны дагуу зохион байгуулна. 

    9.2. Захиалагч тендер шалгаруулалтыг зохион байгуулж дууссаны дараа холбогдох баримт, материалыг хуулийн 49.2 дах хэсэгт заасны дагуу архивлан хадгална. 

    9.3. Захиалагч энэхүү журмын 9.2-т заасны дагуу холбогдох материалыг архивлахдаа хуулийн 49.2.3, 49.2.5-д заасан материалыг цахим хэлбэр (CD, DVD дээр буулган)-ээр архивлан хадгална. 

     

    Арав. Бусад зүйл

    10.1. Энэхүү журам болон цахим хэлбэрээр зохион байгуулж буй худалдан авах ажиллагаанд гомдол гаргах, маргаан шийдвэрлэх, журам зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ. 

    10.2. Давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас цахим систем ажиллах боломжгүйгээс шалтгаалан тендерт оролцогч тендерт оролцох боломжгүй болсон тохиолдлоос үүдэн гарах аливаа хариуцлагыг захиалагч хариуцахгүй. 

    10.3. Энэхүү журмын 10.2-т заасны дагуу цахим систем ажиллах боломжгүй болсон тохиолдолд тендерийн нээлтийг тодорхой хугацаагаар хойшлуулж санал ирүүлсэн бүх тендер оролцогчид энэ тухай нэгэн зэрэг албан бичгээр мэдэгдэнэ.