• Уугуул нутаг :
    Төв аймаг Сэргэлэн сум
    Гаргасан амжилт
    1998  Ардын хувьсгалын 77 жилийн ой Үндэсний их баяр наадам Өлгөр хонгор  шүдлэн түрүү

    1999  Ононмөр хавангийн нэрэмжит Боржигон - 1999 Аварга хээр  их нас түрүү

    2001  Ардын хувьсгалын 80 жил Үндэсний их баяр наадам Аварга хээр  их нас түрүү

    2001  ИХ ХУРД - II Аварга хээр  их нас түрүү

    2004  Алтан-Овооны төрийн тахилга - 2004 Зээрд халзан  шүдлэн түрүү

    2007  Говьшанх - III Янзага зээрд  хязаалан түрүү

    2007  Тэсийн голын хурдан ажнай "даян түмний эх" сартай хүрэний нэрэмжит ЗАВХАН 2007 Янзага зээрд  хязаалан түрүү

    1998  Ардын хувьсгалын 77 жилийн ой Үндэсний их баяр наадам Аварга хээр их нас аман хүзүү 

    1999  Ардын хувьсгалын 78 жилийн ой Үндэсний их баяр наадам Буурал  азрага аман хүзүү 

    1999  Говь шанхын хурд - 1 Аварга хээр  их нас аман хүзүү 

    2001  Ардын хувьсгалын 80 жил Үндэсний их баяр наадам Хамар цагаан  даага аман хүзүү 

    2002  Ардын хувьсгалын 81 жилийн ой Үндэсний их баяр наадам Аварга хээр  их нас аман хүзүү 

    2003  Их уяач Д.Галын нэрэжит Боржигон - 2003 Зээрд  соёолон аман хүзүү 

    2006  Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой Үндэсний их баяр наадам Янзага зээрд  шүдлэн аман хүзүү 

    2006  Эрдэнэт хотын 30 жил Янзага зээрд  шүдлэн аман хүзүү 

    2007  Тэсийн голын хурдан ажнай "даян түмний эх" сартай хүрэний нэрэмжит ЗАВХАН 2007  Буурал..  их нас аман хүзүү 

    1989 он АХ-ын 68 жилийн ой Зээрд халзан  их нас аман хүзүү 

    2000  Ардын хувьсгалын 79 жилийн ой Үндэсний их баяр наадам Буурал  азрага айргийн гурав

    2001  ИХ ХУРД - II Буурал.  их нас айргийн гурав

    2003  Их уяач Д.Галын нэрэжит Боржигон - 2003 Шар хээр  шүдлэн айргийн гурав

    1994  Ардын хувьсгалын 73 жилийн ой Үндэсний их баяр наадам Саарал  азрага айргийн дөрөв

    1998  Баянцагаан - 1998 Өлгөр хонгор  шүдлэн айргийн дөрөв

    1999  Ардын хувьсгалын 78 жилийн ой Үндэсний их баяр наадам Өлгөр хонгор  хязаалан айргийн дөрөв

    2004  ИХ ХУРД - III Аварга хээр  их нас айргийн дөрөв

    2003  Төв аймгийн 80 жил Шар хээр  шүдлэн айргийн дөрөв

    2007  Говьшанх - III Буурал  их нас айргийн тав

    Хагас мянган адуун дундуур ороод гарахдаа хаана нь ямар “эрдэм” чадалтай хүлэг морьд байгааг шинжээд гардаг эрдэм төгс уяачид цөөнгүй .Монгол улсын тод манлай уяач ,Монгол улсын гавъяат малчин Дамбадаржаагийн Ононг урьж морь шинжих арга ухааных нь зах зухаас сонирхон хөөрөлдлөө .

    Хурдан морийг сонгож авахдаа хүмүүс бүх талыг нь шинжиж сонгодог байж таарна.Та бол хамгийн түрүүнд юуг нь онцолж хардаг вэ?
    -Би бол айлын адуунд ороод эхлээд морины толгойг л харна.Толгойноос тэр адууны уушиг бөөр ,элэг гэхчилэн дотоод эрхтнээс авахуулаад их олон юмыг харж болно шүү дээ.Бас дал мундааг онцгойлон хардаг.
    Тухайлбал толгойноос нь уушгийг яаж харж болдог байна. Жаахан дэлгэрүүлж хэлэхгүй юу?
    -Хоёр нүдний хоорондох зай хичнээн их ,өргөн магнайтай байна хамрын савхан яс нь төдий чинээ өргөн байдаг. Түүнийгээ дагаад амьсгалах эрхтэн нь уужим байдаг. Амьсгалах эрхтэн уужим байна гэдэг хавирганы матаас сайн байж таарна .
    Тэгвэл нүднээс нь юуг “уншиж ”болох вэ?
    -Нүд бол элэгний гадар шүү дээ.Элэг сайн бол нүд тунгалаг л байж таарна.Хөмсөг бол сэтгэлийг илэрхийлнэ.Нүдний дэлгэц том ,зузаан хөмсөгтэй байх юм бол зориг зүрхтэй ,сэтгэл агуу л байдаг. Духных нь зай бага нарийхан,нүд нь жоотойсон, нимгэн зовхитой адуу зүрх муутай байдаг .Харин өнөөх том нүд духтайнууд чинь баргийн тэнэг хүн буруу ажил хийхэд ч өөрөө зүтгэдэг л байхгүй юу.
    Гурван овоо тэгш морь хурдан байдаг гэлцдэг. Гурван овоо гэж чухам аль хэсгийг нь хэлээд байна аа.
    -Морины хөхлийг боодог толгойны овоо яс,хар сээрний залгаа,олон уулзахын залгаа ,олон уулзахын залгаа энэ гурвын хоорондын зай нь тэнцүү байхыг тэгж хэлдэг.Үнэхээр гурван овоо тэгш морь хурдан байдаг нь үнэн.
    Хурданыг туурайгаар шинжиж мэдэж болно биз?Хурдан морь худалдаж авах гэж байгаа хүн туурайг сөхөж харж байгаа нь анзаарагддаг.
    -Туурай бярны талыг илтгэдэг. Жаахан зузаан туурайтай,өсгий өндөртэй адуу бяртай байдаг.Тачирхаан богинохон хумстай бол сарвууны цуцалт тааруу талдаа.Адууны хумсыг гурав ангилж болно.Нэг хэсэг нь арынх нь их зузаан том бол гайгүй хурдтай,бүр хүнд тавагтай байвал тааруу.Хумсны хурдтай нь хулангийн туурай шиг гоё онгойсон,хурц шөвгөр үзүүртэй байдаг.Тийм адуу хөлийн хурдтай байдаг л даа.
    Хурдан адууны дэл сүүл ямар онцлогтой байдаг вэ?
    -Хуучны хошин үгэнд “Дэлдэн чихтэй бөх түрүүлээд дэлдэгнэж байхыг харав уу,дэл сүүл ихтэй морь түрүүлчихээд сэгсэлзэж байхыг үзэв үү”гэж үг байдаг.Дэл сүүл нь тунсаг, жигдхэн зөөлөн гоё дэл сүүлтэй адуу хурдан даа.
    Энэ өөд газар гайгүй давхих адуу байна.Энэ уруу газар бол явахгүй ээ энэтэр гэж байхыг чинь би сонссон.Яаж мэдэхээрээ тэгж,ялгаж заагаад байнаа?
    -Адуу бол хийцээрээ давхидаг амьтан шүү дээ .Эмээлийн хавтаснаас хойш өндөр,шургуу цээжтэй бол өөд газар сайн давхина.Сэрвээ өндөртэй бол уруу газар явж өгөх жишээтэй.
    Тэгвэл цээж бөгс нь тэнцүүхэн адуу өөд уруугүй сайн давхих нь дээ.Ер нь ямар адуу цуцаа багатай байдаг юм бэ?
    -Давхиж байхдаа хөлөө хичнээн л доогуур тавьж, доогуур самралттай байна,төдий чинээ цуцаа бага байна гэсэг үг.Дал нь хичнээн л налуу байна,төдий чинээ доогуур самралттай байна.Доогуур самарч давхиж байна гэдэг чинь өөртөө түвэг багатай л хөдөлж байна гэсэн үг.
    Шүд ам ямар байх нь хурдар бас нөлөөтэй биз?
    -Нөлөө байнаа.Нэг тийм давчхан шавааралдсан ойрхон ,жижигхэн шүдтэй адуу хурдалдаггүй. Саравгар зэрэвгэрдүүхэн ,өргөндүү шүдтэй нь зүгээр. Эрүү дутуу гэж байдаг шүү дээ.Энэ чинь дээд тал нь илүү, доод тал нь дутуу гэсэн үг .Эрүү тавиутай нь болохоор зуулт нь тэнцүү байна.Шүдний зуулт гэдэг чинь энэ .Амьсгаа давчуухан юмуу,уужимхан юм уу гэдгийг ч шүднээс нь мэдчихэж болно.Шүдний цөгцний горив том энэ тэр байх нь олон юмыг хэлнэ.Ерөөсөө тухайн адууны ясны чанар нь шүдэн дээрээ гардаг.Уруул ам элбэгтэй адуу бол шүд сайтай л байдаг.Наадмын дараа уясан мориныхоо шүдийг үзэж байх гэмгүй.
    Яагаад?
    -Хөлний гэмтэл шүдэнд илэрдэг юм.Сул бүдчих энэтэрд шүд эмтэрдэг. Дөнгөж доголж эхэлж байгаа адууг яг тэр үед нь хатгачихад зүгээр болчихдог л доо.Мөн цээжнээс нь эхэлж хатгаж байж зүгээр болгоно.
    Хурдан морьны өнгө зүс нэг их гялтайгаад байх сайн гэлцэх юм билээ?
    -Сайн биш ээ.Морины уяа мултрах дутах хоёрт морины зүс гялтайдаг.Гялгар өнгийг дарж уралд гэдэг.Уяа морины ажил дутаад байвал сөрж таргална,агсарна.
    Түрүүлэх морины тагнайд мэнгэ ургадаг гэдэг үнэн үү?
    Үнэн. 1994 онд улсад түрүүлсэн Батчулууны хээр морины тагнайг уралдах өглөө нь сөхөж үзэхэд тагнайд нь хурууны өндөг дарам хар мэнгэ урган,үүдэн шүдэндээ бараг тулсан байж билээ.
    Хурдан морины арьс ямар онцлогтой байдаг вэ?
    -Хурдан тусмаа арьс нь нимгэн байдаг .Хичнээн элбэг дээлтэй юм шиг арьстай нь илүү сайн давхидаг .Зузаан арьстай ,хүйтэн өндөрлөг газрын морьд бяр ихтэй л байдаг юм.Нимгэндүү өргөн арьстай моринд дор хаяж бариа байдаггүй.Барьчихаад явсангүй гэж ярьдаг даа .Арьс султай нь зүгээр.
    Хэнтий ,Сүхбаатар чигийн ер нь зүүн талын адуу хурдан байдгийн нууц юу вэ?
    -Байгаль орон , хүний оюун ухаан,хөдөлмөртэй холбоотой .Хужир устай,цагаан таруу газар ч амьтны хөлийн хурдыг шалгана шүү дээ .Тавиу газар явж байгаа юм чинь ,тэрэнтэй холбоотой .Арай дулаандуу,тавиу газрын малын арьс хөрс нь адаглаад нимгэн байна биз дээ.Нөгөөтэйгүүр хамгийн гол юм гэвэл Хар дэл жанжин бээс Пүрэвжав ноёны бий болгосон хурданы чиглэлийн удам угшлын нутаг орон тэнд байна.Оюун ухаан ,хүч хөдөлмөр зарж хурданыг бий болгодог болохоос энэ л хурдан юм гэнэ лээ гэж дуулдсан газраасаа нэг үрээ авчирчаад л тэр нь учир зүггүй түрүүлж , түмэн эх болоод ч байдаг юм бас биш шүү дээ.Монгол адуу бол уналга эдэлгээний зориулалттай , бяртай чийрэг болохоос хурданы чиглэлийн юм биш шүү дээ .Шинжлэх ухаанчаар ,бодлогоор хандаж ,удам угшил бий болгосон болохоор Хэнтий Сүхбаатар чигийн морьд ноёлж байгаа нь тэр .
    Адууныхаа цусыг холтгоно гээд хаа хамаагүй газраас азарга гүү авчирч байгаа байдаг. Тэр ер нь хэр зөв зүйл вэ?
    -Хаа хамаагүй газрын л юмнуудтай хольж сүлээд байх нь утга учир муутай.Өөрийнх нь эвсэл дотор аятайхан байлгах л хэрэгтэй юм. Удам цус нь холдоно гэдэг чинь өөрийнхөө тэр үндсэн генээсээ улам л холдоод анхных нь эзэн хараад ч танихын аргагүй юм болгочихож болохгүй шүү дээ.
    “Хас тав ,Хос тав”гэж ярьцгааж байх нь дуулддаг. Энэ юу гэсэн үг вэ?
    -Хурдан морины сударт таван охин даагыг нэг эр дааганд өгнө .Гарсан эр төл нь “Хас 5 “ азарга болно.Охин төл нь “Хос-5” гүү болно гэж бичсэн байдаг юм. Одоо бараг ойлгохгүй .Юу гэсэн үг юм гэвэл өмнөх таван үеийг нь мэдсэн байх шаардлагатай . Тав гэдэг нь ердөө л энэ. Дээр үеийн улсууд “Хас 5 “ “Хос 5 “ гэж судар хөтөлж,юмаа тэгж л мэддэг байсан байхгүй юу. Бүр тооны ухааны томъёо шиг болгоод.Мориныхоо хэдэн үеийн түүхийг мэддэг байсан хэрэг.
    Морийг арслан ,гөрөөс,хандгай,туулай,мэлхий шинжтэй гэхчилэн гадна төрх байдлаар ангилдаг. Таны хээр морь ямар шинжид хамаарах адуу байсан бэ?
    -Хандгайязгуурт хамаарна. Тархи толгой,дал мундаа…. гээд .Цоллуулаад зогч байхад амыг нь ангалзаж байхыг нь харсан ч.Уруул ам нь дарвайчихаад ,яг тулаад харахад нимгэн биш,мундаг.Духны яс, хамрын савхан яс эд нар чинь маягтай шүү дээ.Барагтай морь дэргэд нь ирээд зогсоход дарагддаг байсан юм шүү дээ.
    Монгол улсын өнцөг булан бүрээс шигшигдэн ирсэн ,олон хурдан буян цугласан “Их хурд-2” наадмыг би их тод санаж байна. Их насны морьд гарах гэж байхад “Манай уяан дээрээс дөрвөн морь баттай айрагдана” гэж байсныг чинь санаж байна. Үнэхээр сэтгэлд чинь баттай багтаж байсан болоод л тэгж ам гарсан байх даа?
    -Өөрийнхөө уяаны морьдыг эрхтгүй гадарлалгүй дээ.Морьд гарахын өмнө хүний уяан дээр очоод өөрийнхөө морьдтой дүйцүүлж харахад илүү бол илүү дутуу бол дутуу нь дурайтал харагдана шүү дээ. Хүний морийг бол өөрийнхөөсөө илүү мэддэг юм шүү.
    Тэр наадмын их насны морьд ирэхэд нээрэн таны хээр морь түрүүлж , хоёр ч морь чинь айрагдсан .Тэр том наадмын эхний тавд гурван морь багтаана гэдэг гайхалтай үйл явдал .”Дөрвөн морь чинь ирвэл энэ унаж яваа жипээ өгье” гэж байсан залуу хэлсэн амандаа хүрэх байсан болов уу ?
    -Хар морь /Энэрэлтийн хар/бол эхний тавд ирэх байсан. Гарахдаа хөлөө эвгүй гишгичихээр нь замд татуулчихсан юм . Намайг тэгж”өвчигнөж”байхад “Макс” Ганбаа нээрэн тэгж хэлж байсан юм байна шүү.
    “Их хурд” –аас буцах замд шөнө морьдоо буулгаад идээшлүүлж байхад араас ирсэн та яагаад буцааж ачуулсан юм бэ?Нэлээн явж байгаад морьдоо дахин буулгаж идээшлүүлсэн санагдана.
    -Шороотой долооцтой газар манайхан морьдоо буулгачихсан байсан.Давхиад ирсэн адуунд хужир дутагдчихсан байдаг юм. Тэгээд шороо долоочихвол үхнэ шүү дээ. Хужрын өнгөтэй бор шороотой тэр газраас “ нүүлгэж”эрүүл сайхан өвс ногоотой газар хооллож хоносон л байхгүй юу.
    Дундговь аймаг байгуулагдсны 60 жилийн ой 2002 онд болсон. Тэгэхэд танай уяаныхан тэнд очиж наадаж байсныг санаж байна. Даага мордохын өмнөхөн танайхны майхнаар очиход Та гадаа ,уяан дээр дааганы сүүл боогоод зогсож байсан. “Морь хурдан уу?гэхэд “Хурдаан , энэ бас түрүүлэх даагадаа сүүлий нь боож зогсоно” гэж билээ.Тэгэхэд улсад түрүүлсэн даага хүртэл очсон байсан. Надтай цуг явсан нөхөд маань “Үнэн хэлдэг эсэхийг нт шалгая, даага дагая” гээд би дагасан юм.
    -Тэгээд түрүүлсэн л биз дээ.
    Нээрээн түрүүлсээн.Таны тэр хар даага тархины хэдэн даагатай явж байгаад барианд ойртоод ирэхээр хүүхэд нь хэд гуядсан чинь цойлоод л тархинд гараад түрүүлсэн . Улсад түрүүлсэн даагыг гүйцэж түрүүлээд …. Яаж тэгж мэддэг байна аа.
    -Түрүүлэх морь андашгүй .Харахад бүр өөрөө хэлээд өгдөг юм.Өөрөө гардаж уясан хүн чинь мэдэлгүй яахав.
    Өнгөрсөн зун буюу “Их Монгол Улс “ байгуулагдсны 800 жилийн улсын наадмаар таны уясан Цэнгэл сайдын хээр соёолон түрүүллээ.Соёолонгийн түрүүн дээр хэн бүхэн л харц сэтгэлээ унагадаг нь мэдээж. Энэ соёолонг бага сунгаан дээр татуулаад , тэрнээс хойш ажил хийлгээгүй гэж дуулдсан. Энэ ямар учиртай юм бэ?
    -Бага сунгаанд давхиад ирэхдээ уяа нь ханачихсан байсан юм . Тэр сунгаанд арван хэдээр л ирсэн юм.Хүмүүс ч нэг их анзаараагүй.Хээр соёолон тэр жил гурван том наадамд дараалан түрүүллээ.
    Та одоо нэг жилд гэхэд л улсын наадмын хоёр гурван түрүү , хэд хэдэн айргийг авчихаж байна. Морь тань түрүүлээд ирэхэд учиргүй босож харайгаад байгаа харагддаггүй.Тэгэх ёстой гэсэн юм шиг л харагддаг. Залуудаа бол хөөрдөг байсан л байлгүй.
    -Би ч угаасаа аажуу тайван хүндээ . Дээр үеийн улсын үг шүү дээ. Морь хүүхэд уяач гурвын хор адил байж морь давхина гэж. Залуу байхад яах бол гэж давчдах үе байсан. Би чинь улсын наадамд дөрөв таван удаа ч морьдоо айрагдуулж чадахгүй зургаад дахиулдаг байлаа.
    Аажуу тайван байснаараа алдаггүй юу?
    -Юманд яарахгүй байсан хүн хождог гэдэг. Одооны залуус ч нэг морь худалдаж аваад л маргааш нь хурдлуулж айрагдуулж түрүүлгэх юм шиг боддог бололтой. Яаж тийм юм байх вэ дээ.

    Хээр морь улсын наадамд аман хүзүүдэж, Боржигонд түрүүлэн, Говь-Шанхад аман хүзүүдчихсэн “Их хурд-2” уралдаанд оролцох эрхийн болзлыг дөрвөн удаа хангачихсан хурдан ажнай байлаа. Өвөлжин тэжээлтэй ороод хаврын хэд хэдэн уралдаанд айрагдаж, түрүүлсэн хээр морио Онон уяач тэр жил давхар уяагаар уяж гайхуулсан удаатай. Хавартаа хэд уралдсан учир амьсгаа нь сайхан задарчихсан байсан ч нэлээд унаж эдэлж байгаад 6 сарын 21-нд барьжээ.
    Наадмын уяа:
    6 дугаар сар 21  Х 22 А 23 А 24 Т 25 ЭС 26 А 27 А 28 Т 29 БС 30 А  7 дугаар сар 1 А 2 Т 3 ДС 4 А 5 А 6 Т 7 ИС 8 А 9 А 10 Т 11*
    Энэ уяаг дан уяа ч гэх юмуудаа, хавар уяж, уралдсаныг нь бодоход давхар уяа ч гэмээр юм шиг. Гэхдээ ногоо гарснаас хойшхи эхний л уяа юм даа.
    Анхны өдрөө хөлслөөд цаашдаа амралт, тар, давхилаар л голлон уясан байна. Хавар их ажил хийж, хэд хэд уралдсан учраас гамнах нь зүйтэй гэж үзсэн бололтой. Мөн адуугаар нь нэлээн эдэлсэн гэж байгаа шүү!
    22, 23-нд зөвхөн гэдсийг нь хөнгөлөхийн тулд уяа тойруулан гишгүүлж баалгаад амраажээ. 24-нд зуны уяаны анхны тар хийж, 25-нд эрлийз сунгаан хийжээ. Тэгэхдээ 6 км газрын эхний 1-2 км-т нь зөөлөн давхиулж байгаад, 4-5 км-т нь чангалж, сүүл хавьд нь бүрэн тэнийлгээд яг сайхан эрчлэн давхих дуран дээр нь татуулжээ.
    26,  27-нд амрааж, 28-нд тарлаад 29-нд бага сунгаанд олон морьдтой нийлүүлэн 8 км-т уралдуулсан байна. Дараа нь хоёр өдөр дараалан амраагаад, 7 сарын 2-нд тарлан, 3-нд 9.5 км-т дунд сунгаа хийсэн байна. Ингэхдээ хээр морийг газрын дундаас нэлээн шавдуулж уралдсан гэдэг. Мөн хоёр өдөр дараалан амраагаад 6-нд тарлан, 7-нд их сунгаанаа 7 км-т хийжээ.
    Үүний дараа 8, 9-нд амраагаад, 10-нд тарлан 11-нд Буянт-Ухаад улсын наадамд мордуулахад тэр өдөр мөн ч сайхан түрүүлсэн билээ.
    Эндээс ажиглахад хөлс ер аваагүй байгаа юм. Энэ тухай Онон уяачаас лавлан асуухаар “Хөлс бэлэнтэй морийг давхилаар нь түрж уясан нь энэ” гэв.
    Их хурдын уяа:
    7  дугаар сар
    12 А 13 А 14 А 15 А 16 А 17 А 18 А 19 А 20 Барьсан 21 А 22 Цуцаалт 23 А 24 Т 25 Сунгаа 26 А 27 А 28 Т 29*
    Хээр морийг давхар уяанд нь мөн л амралтыг нь голчилсон байдаг. Үүнээс ч өөр аргагүй юм.
    Амраахдаа, их давхилын (наадмын уралдаан) дараах 2 өдөр уяатай амраагаад, хорон хөлсийг нь авсны дараа 5 хоног адуунд нь тавьж амраасан байна. Давхар уяанд барьснаасаа хойшхи 9 хоногт 5 ажил хийж, 4 өдөр амраажээ. “Амралтын өдрүүдэд биеийг нь чангалаад буюу баалгаад (гэдсий нь хөдөлгөх) тавихад л гэдэс нь хөделсөн байх хэрэгтэй. Сүүлдээ хэвшээд тогтмол цагт сулраад ирдэг болно. Ер нь морины гэдсийг хуучин шиг живхийтэл чангалахаа больсон, дүүрэн хоолтой, гэдэс нь чөлөөтэйхөн л байвал дээр” гэж их уяач маань хэлж байлаа. Мөн энэ уяаны нэг онцлог нь 22-ны өдөр цуцаасан явдал юм. Бас сунгаанд нь их араас туулуулж уралдуулжээ. Давхилын өмнөх өдрийн догшин тараа газрын уруу хийсэн байна.
    Ингээд мордуулахад л Монголын шигшмэл хурдан морьдын Их хурд-ll уралдаанд түрүүлж “Манлай түмний эх” болж, цацагт шар жолоо, шар хударга, цул мөнген гэрэг хүртжээ.