• Мартаж болохгүй юм, бас мартаж болохгүй хүн гэж байдаг. Тийм хүмүүсийг түүхэн цаг үе төрүүлдэг. Монгол Улсын баатар Бутачийн Цог 1912 онд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт төрсөн. ЗХУ-д их бууны дунд сургууль, Улаан армийн хуягт танкийн ба механикжсан цэргийн академи, ЗХЖШ-ын академийг онц дүнтэй төгссөн. ЗХЖШ-ын академид Монголоос суралцсан анхны төгсөгч юм.

                1930 оны хугацааны цэрэг. Тэрбээр курсын дарга, МАХЦ-ийн их бууны дарга, 5 дугаар морьт дивизийн их бууны дивизионы дарга, хуягт бригадын дарга, МАХЦ-ийн Жанжин штабт  Байлдааны хэлтсийн дарга, 1948 оноос тасралтгүй 40 орчим жил ЗХЖШ-ын дарга, орлогч сайд, БХЯ-ны нэгдүгээр орлогч сайдаар ажиллаж байв. 1950 онд хошууч генерал цол хүртсэн Монгол Улсын 18 дахь генерал. Түүнээс хойш 11 жилийн зайтай 2 удаа цол ахиж, хурандаа генерал болжээ. Генерал Б.Цогийн дайчин шуурхай, зохион байгуулах арга барил зэргийг нь харгалзан төр засаг түүнд албан тушаалын хүнд хүчир ажлаас нь гадна улсын хэмжээний шинэ ажлыг хавсран ажиллуулж байв. Тухайлбал, 1957-1965 онд Агаарын харилцааны газрын дарга, 1971-1975 онд УБХТН-ийн Төв Зөвлөлийн дарга, 1975-1978 онд Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтний хорооны орлогч дарга гэх мэт. Тэрээр сайн зохион байгуулагч учраас хүнийг ажиллуулж чаддаг, удирдлагадаа байгаа хүмүүсийн ахуй амьдралыг сайн харж үздэг, зовлон жаргалыг нь хуваалцаж өөдрөг сэтгэл төрүүлдэг, тэр хэмжээгээрээ ажлын эрч хүчийг өрнүүлдэг бидний хайртай дарга, удирдагч байсан юм. Түүнийг ажлын төлөө төрсөн хүн гэж цэргийнхэн бахархан ярьдаг. Гялалзсан хурдан алхаа гишгээ, золбоолог төрхөөрөө бусдын анхаарлыг татдаг байв. Бас өндөр шаардлагатай, хугацаатай үүрэг өгч биелэлтийг хугацаанд нь шалгаж, үр дүнг холбогдох хүмүүст хэлж өгнө. Хэрэв биелүүлээгүй байвал арга хэмжээ авахгүй, харин дутагдлаа засах амлалт авахуулдаг. Ийм учраас түүний өгсөн үүрэг, даалгавар заавал биелэгддэг хэвшил болсон байдаг.

                Б.Цог гуайг мөн цаг үеийн ярвигтай, хүн хүч шаардсан, хүссэн бүхэн удирдаж чадахгүй яаралтай ажилд томилдог. Усны үер, гал түймэр, зуд турхан, хар зам, төмөр зам тавих, цэргийн анги нэгтгэл шинээр байгуулах, хамтарсан томоохон хээрийн сургууль удирдах зэрэг ажлыг төр засгийн хүссэн хэмжээнд биелүүлдэг дайчин байв. Түүнээс том багагүй, цэрэг даргагүй бүх хүмүүс айна, хүндэтгэнэ. Ялангуяа Зөвлөлтийн зөвлөх, мэргэжилтнүүд бүр ч их эмээнэ. Буруу үйлдэл хийгээд ажил удаашруулаад байвал түүнийг дагуулж аваачаад хамгийн том даргатай нь хамт загнаад орхино. Зангарагтай эр, эцэг хүн шиг, бие нь бага ч гэсэн бэлчир нь их, цэргийн том зүтгэлтэн байлаа. Шулуун шударга, шийдэмгий чанар, сүр хүч, алдар нэрээрээ эх орондоо төдийгүй гадаад оронд гайхагдаж байв.

                1980 оны 7 дугаар сарын 10-ны өдөр миний бие БХЯ-ны жижүүртэй байв. БХЯ-ны сайд, хурандаа генерал Ж.Авхиа үдээс хойш ажлынхаа өрөөнд бие нь гэнэт муудаж түргэний машинаар сайд нарын хэмээх 2 дугаар эмнэлэгт хүргэгдсэн юм. Хэвлэл мэдээллийнхэн сайдыг эмнэлэгт хүргэгдсэнийг сонсчихсон, маргааш наадмын парадыг хэн хүлээн авах вэ? Сайд яасан бэ? гэх зэргээр асууж би хариу хэлж чадахгүй будилж байтал орой 21 цаг өнгөрч байхад хурандаа генерал Б.Цог парад хувцастайгаа ирж, би илтгэл өгч өрөөнд нь дагаад орлоо. Би, радио телевизийнхэн маргааш хэн баярын парад авах вэ? Сайдын бие ямар байгааг утсаар их асууж байгааг илтгэв. Цог генерал “Би, Төв Хорооноос шууд ирлээ. Намайг маргаашийн баярын парад ав гэж байна, би олон жил парад командалж байсан, харин парад авч үзээгүй юм. Тиймээс бэлтгэл хийхээр ирлээ” гэсэн юм. Сайдын биеийг цаг тутам асуу, байдлыг надад орж ирж илтгэ гэв. Шөнийн уртад өрөөнд нь хэд  орж илтгэл хийв. Тэр үед би залуухан, ахмад цолтой, генералын олон одон медаль дээр миний нүд унасан байх, тэрээр миний хүү үз үз гэж билээ. Генералын анхны шагнал “Алтан гадас” одон байлаа. Харин Байлдааны медалиар огт шагнуулаагүй. 1973 онд Зөвлөлт-Монголын цэргийн хамтарсан “Хэрлэн-73” хээрийн сургуульд амжилттай оролцсоныг үнэлж намайг одонд тодорхойлох гэхэд нь би, Байлдааны медаль аваагүй гэж саналаа хэлж шагнуулсан юм. Шинэхэн гялалзаж байгаа биз. Ер нь цэргийн хүнд “Байлдааны медаль”, “Байлдааны гавьяаны одон” хоёр байхад цэргийн жинхэнэ албыг сайн хаасан нь харагддаг юм гэж хуучилсан.

                Түүний энгэрт Сүхбаатарын одон, “Алтан гадас” одон тус бүр 5, Лениний болон БНУАУ-ын Улаан тугийн одон, Байлдааны гавьяаны болон Байлдааны гавьяаны Улаан тугийн хошоод одон, өөрийн орны болон гадаад орны одон, медалиуд өнгө алаглан ярайхад бахархах сэтгэгдэл төрсөн билээ.

                Генерал шөнийн турш л бэлтгэлээ хийсэн. Зуны өглөө эрт гэгээ ороход тэрбээр 03 цагт яамны үүдний довжоон дээр тэвхийтэл зогсчихсон, тугийнхан өдийд яагаад ирдэггүй юм бэ? гэж яараад л байсан. Төр засгаас даалгасан үүргийг сайн биелүүлэхийн тулд лав л нэг шөнө унтаагүй. Тэр үед орлогч сайд Б.Цог 68 настай байжээ. Наадмын парад сайхан болсон. Нэгдүгээр орлогч сайд ийм л байдаг байхдаа гэж бахархаж байж билээ.

                1945 он. Эх орны дайн төгсгөл рүүгээ ойртож байлаа. Кёнигсберг (одоогийн Калининград) хотын орчим Улаан арми өрнө зүг давшихад Танкийн цэргийн академийн сонсогч Б.Цог эгнээнд нь байлаа. Нэг багахан шиг өндөрлөгийн төлөө ширүүн тулалдаан болов. Гэнэт “Бригадын командлагч хошууч О.К.Петровский шархадлаа” гэсэн таагүй мэдээ ирэв. Танкийн бригад удирдлагагүй болж, давшилт зогсох хэрэг үү? Үгүй ээ, тэгэх ёсгүй. Б.Цог удирдлагыг гартаа авч давшилт үргэлжлэв. Энэ бол А.М.Василевскийн командалсан Белоруссын 3 дугаар фронтын генерал К.Н.Галицкийн гвардын 11 дүгээр армийн бүрэлдэхүүнд Б.Цог хүнд танкийн бригад командлан тулалдаж Дорнод Пруссийн операцийг хэрэгжүүлэхэд оролцсон нь тэр билээ. Үүнээс хойш төдий л удалгүй Хуягт танкийн академийг онц дүнтэй төгссөн Б.Цог эх орноо зорьсон юм. Ингэж Б.Цог генерал Эх орны дайны I зэргийн одонгоор шагнуулжээ.

                Монголын Зэвсэгт хүчний 60 жилийн ойг тохиолдуулан 1981 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар Зэвсэгт хүчний эгнээнд 50 шахам жил алба хааж, Халхын голын байлдаанд их бууны ангиудыг удирдан гарамгай гавьяа байгуулсаны дээр Эх орны дайны үед Зөвлөлтийн армийн танкийн бригадыг удирдан тулалдсаныг тэмдэглэж БХЯ-ны I дүгээр орлогч сайд, хурандаа генерал Бутачийн Цогд БНМАУ-ын баатар цол олгосон юм.